Бизнес загвар гэж юуг хэлэх вэ?

  • Бизнес загвар гэж юуг хэлэх вэ?

    Бизнес загвар

    “Бизнес Загвар”-ыг яаж тодорхойлох вэ?

    “Бизнес Загвар” гэдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллага ямар нэгэн тодорхой “үнэ цэнэ” шингэсэн бүтээгдхүүн эсвэл үйлчилгээ бий болгон түүнийгээ зах зээлд гаргах, зах зээлээ судалж дахин үнэлгээ хийн засан сайжруулах үндсэн зарчимыг зураглал, дүрслэлээр илэрхийлсэн “аргачлал” юм. Өөрөөр хэлбэл “Бизнес Загвар” гэдэг нь аливаа байгууллага, компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, “логик сэтгэлгээ” юм. Өөрөөр хэлбэл аливаа байгууллагын “талхаа олж идэх” системтэй сэтгэлгээ ч гэж хэлж болно.

    “Бизнес Загвар” нь ямар ашигтай вэ?

    “Бизнес Загвар” нь товч бөгөөд тодорхой, мөн логик уялдаа холбоо нь илэрхий учраас дараах 2 асуудлыг шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ.

    1. Одоо байгаа “Бизнес Загвар”-таа задлал шинжилгээ хийх, өөрчлөлт оруулах, засан сайжруулах
    2. Шинэ санааг “Бизнес Загвар” болгон хөгжүүлэх

    Бизнесийн маш олон төрлийн үйл ажиллагааг 9 бүрдэл хэсэг болгон системтэй бүлэгчлэн тоог нь цөөрүүлж ангилсан нь маш олон давуу талуудтай болгожээ. Энэ аргачлалын 9 бүрдэл хэсгийн нэршил болон агуулга нь бизнес төлөвлөгөө, загварчлал боловсруулах уламжлалт аргатай яг адил боловч харин тэдгээрийн бүрдэл хэсгүүдийг маш товчоор, ойлгомжтой зураглал болгосноороо “хувьсгал” хийсэн юм. Бизнес төлөвлөгөө боловсруулах уламжлалт аргаар бол маш урт хугацаа шаардлагатай болдог бол энэ аргачлалаар маш түргэн хугацаанд ажиллах боломжтой. Бизнес төсөлд өөрчлөлт оруулахын тулд нилээд хүч дайчилж, хугацаа шаарддаг бол үүнийг энэхүү загварчлалаар маш түргэн хийх бололцоотой. Жишээ нь өрсөлдөөний бүтцийг өөрчлөхөд зөвхөн тэр хэсэг дээрээ гол анхаарлаа хандуулан ажиллах боломжтой.

    “Бизнес Загвар” бол шинэ нөхцөл байдалд дасан зохицох боломж юм.

    “Бизнес Загвар” нь байгууллагын стратегийн удирдлага болон уг загварыг засан сайжруулж хөгжүүлэх явцыг  баримтжуулах “багаж” юм.   Энэхүү аргачлалыг Александер Остервальдер, Ив Пигнёр нар 2010 онд боловсруулж, “Бизнес загвар бүтээх нь” нэртэй номоо хэвлүүлсэн.  Энэ ном нь бизнес санаагаа сайжруулан хөгжүүлэх, түүнийгээ дүрслэн загварчлах хамгийн шилдэг аргачлалаар шалгарч байжээ. Энэ аргачлалыг ашиглах явцад тухайн бизнес санааг амжилтад хүргэхэд шаардлагатай гол гол түлхүүр хүчин зүйлүүдийг түүвэрлэн авч ашигладаг.

    Эдгээр хүчин зүйлүүдийг түргэн хугацаанд өөрчлөхийн тулд

    • шинэ нөхцөлд уян хатан хандах,
    • оюуны чадавхи дайчлах,
    • шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвараа хөгжүүлэх шаардлагатай болдог.

    Эдгээр өөрчлөлтийн үр дүнд бий болсон хувилбаруудад дахин боловсруулалт, ажиглалт хийсний дараа үнэлгээ дүгнэлт гаргадаг.  Цоо шинэ шийдэл бүхий бизнес санааг олж, түүгээрээ зах зээлд ”тэсрэлт хийхийг хүсэж байгаа хүмүүст энэ загварчлалын арга гарцаагүй тохирно.

    “Бизнес Загвар” нь ямар бүтэцтэй вэ?

    “Бизнес Загвар” гэдэг нь эхлээд нилээд томоохон талбай бүхий хоосон цагаан цаас байна. Энэ талбайг 9 хэсэгт хуваах бөгөөд тэдгээр хэсэг тус бүрийг таны бүтээлч сэдэл санаа болон сонирхолтой асуултуудаар бөглөн бичнэ. Энэ зураглал дээр тодорхой нэг бизнес санааг маш энгийн хэлбэрээр тодорхой бүтцэд оруулан дүрслэн загварчлан харуулдаг. Уг загварчлалын 9 хэсэг тус бүрт таныг амжилтад хүргэх гол гол хүчин зүйлүүдийг түлхүүр үгүүдээр илэрхийлэх бөгөөд ингэснээр тухайн бизнесийн бүрдэл хэсгүүдийн хоорондын логик уялдаа холбоо хэнд ч ойлгогдох зураглалаар тодорхой харагдана.

    Загварчлал нь “маш энгийн” учраас хэн ч эзэмших боломжтой бөгөөд хэсэг тус бүрийг боловсруулах, харьцуулах, мөн эдгээрээс гарах үр дүнг баримтжуулан бичих, утгыг нь тайлбарлах боломжтой. Эдгээр 9 хэсгүүдээ тодорхойлсон бол дараа нь тэдгээрийн “хоорондын уялдаа холбоо”-г гаргах бөгөөд ингэснээр уг бизнес загвараа амьдралд хэрэгжүүлэх эсэх эсвэл цаашид нэмэлт зохицуулалт шаардлагатай эсэхийг шийдэх бүрэн боломжтой.

    “Бизнес Загвар”-ын  зураглалаас харахад зарим нэг бүрдэл хэсгүүд нь хоорондоо нягт холбоотой байгаа. Бүрдэл хэсгүүдийг “кластер” буюу энгийнчлэн бүлэглэн ангилсан нь ойлгоход хялбар болгосон бөгөөд үйл ажиллагааны чиг хандлагыг нь улам тодорхой болгосон байна. Ямар үнэ цэнийг санал болгох вэ? Үйлчлүүлэгч, хэрэглэгчид, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа, борлуулалтын болон сурталчилгааны сувгууд зэрэг хэсгүүд нь “зах зээл”-ийг бүрдүүлж байгаа ба уг бизнес нь “хаана үйл ажиллагаа явуулахыг харуулна. Түншүүд, үйл ажиллагаа, нөөц зэрэг нь “дэд бүтэц”ийг харуулах бөгөөд уг бизнесийн “гол ачааг үүрэх бүрдэл хэсгүүд нь болж байна. Харин орлогын эх үүсвэр, зардлын бүтэц зэрэг нь тус тусдаа кластер бүтэц болох бөгөөд уг бизнесийн “суурь нь болно.

    Бүрдэл хэсгүүдийг сэдэл санаа, шийдэл, асуултуудаар бөглөх үед асуудал тулгарах болно. Өөрөөр хэлбэл энэ загварчлалыг бөглөхдөө тодорхой дэс дараалал баримтлан, тэр дарааллаар нь ажиллах ёстой гэдгийг олж мэдэх болно. Дэс дараалалгүйгээр өөрийн дураар бөглөх оролдлого хийсэн ямар ч хүн байсан дараахь схем зайлшгүй шаардлагатай болохыг мэдэж авна. Учир нь тодорхой нэг бүрдэл хэсэг дээр ажиллаж тодорхойлолт гаргасны дараа л дараагийн бүрдэл хэсгийг тодорхойлох ёстой юм байна гэдгийг олж мэдэх болно.

    Загвар нь дараах 9 хэсгээс бүрдэнэ:

    Үйлчлүүлэгчид

    Аливаа байгууллага нь хүмүүст үйлчилдэг бөгөөд …

    Үнэ цэнэ санал болгох

    … үйлчлүүлэгчдийнхээ хүндрэлтэй асуудлыг шийдэж өгөх, эсвэл эрэлт хэрэгцээг нь хангах зорилгоор тодорхой үнэ цэнэ шингээсэн бүтээгдхүүн эсвэл үйлчилгээг санал болгодог.

    Сувгууд

    Байгууллагууд нь үйлчлүүлэгчидтэйгээ олон янзын өөрийн гэсэн онцлогтой арга замаар харилцаж, үнэ цэнээ олон төрлийн арга барилаар үйлчлүүлэгчиддээ хүргэж нийлүүлдэг бөгөөд …

    Үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа

    … дээрх сувгуудаа ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоож, төрөл бүрийн харилцаа үүсгэдэг.

    Орлого

    Хэрэв үйлчлүүлэгчид таны санал болгосон бүтээгдхүүний үнэ цэнэд ач холбогдол өгч худалдан авах юм бол мөнгө орж ирнэ.

    Түлхүүр нөөцүүд

    Дээрх бүрдэл хэсгүүдийг бий болгох, нийлүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай, зайлшгүй хэрэгцээтэй бүх зүйлийг түлхүүр нөөцүүд гэнэ.

    Түлхүүр үйл ажиллагаа

    гэдэг нь дээрх бүрдэл хэсгүүдийг бий болгох, нийлүүлэхийн тулд зайлшгүй хийгдэх үндсэн ажил үүрэг, арга хэмжээ, үйлдлүүд юм.

    Түлхүүр түншүүд

    Зарим нэг нарийн мэргэжлийн үйл ажиллагаа, нөөцийг гаднаас авч захиалгаар ажил үүргийн зарим хэсгийг түлхүүр түншүүдээрээ гүйцэтгүүлэх шаардлага гардаг.

    Зардал

    Түлхүүр нөөцүүд бий болгох, гол үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мөн түншүүдтэйгээ хамтран ажиллахад шаардагдах зардлууд

    Бизнес эрхлэгч таныг хувийн болон бизнесийн тань амжилтыг ахиулах “Ашиг орлогоо 10 дахин нэмэгдүүлэх” зөвлөх үйлчилгээний танилцуулах сургалтанд урьж байна. Бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр нэвтрэн бүртгүүлнэ үү.