Карьер гэж юу вэ?

  • Карьер гэж юу вэ?

    Карьер гэж юу вэ?
    Хэрэв та карьер хөөх бодолтой байгаа бол эхлээд энэ нэр томъёоны утгыг ойлгох хэрэгтэй. Ажил мэргэжилдээ жинхэнэ шилдэг мэргэжилтэн байх, удирдах алба хаших зэрэг нь карьер мөн. Эдгээрийг ажил мэргэжлийн карьер, албан тушаалын карьер гэдэг.
    Амьдрал бол өөрөө бас карьер. Амьдралдаа дундажаас дээгүүр байр суурь эзлэх, тодорхой салбарт тэргүүний эгнээнд орохыг зорих зэрэг нь хувь хүний өөрийнх нь шийдвэр.
    Карьер гэдэг үг нь франц үг бөгөөд уг гарвал нь морин тойруулгын уралдаанд амжилттай оролцох гэсэн утгатай. Хүн бүр өглөө босоод л амьдралдаа ахиц, дэвшил гаргах, амьдралаа дээшлүүлэх талаар боддог. Энэ нь амьдралын карьераа бодож байна гэсэн үг. Ингэхлээр карьер гэдгийг амьдралын замнал, ажил мэргэжлийн замнал гэж ойлгож болно.
    Карьер хөөх гэдэг нь ажил мэргэжлээрээ хамгийн шилдэг нь болох, хамгийн өндөр цалин авах, шилдэг тоглогч болох гэсэн утгыг агуулдаг.
    Бид эцсийн цэгтээ хүрэх арга замын тухай биш, харин эцсийн цэгтээ аль хэдийн хүрчихсэн хүмүүсийг карьер хийлээ гэж ярьдаг. Монголд бол бүр ганцхан утгаар нь буюу карьер хөөнө гэхээр зөвхөн улс төрийн албан тушаал хөөцөлдөх тухай боддог. Энэ түгээмэл тархсан буруу ойлголт юм.
    Хэрэв шилдэг тамирчин уралдаан тэмцээнд ялалт байгуулахаа больж, муу тамирчинд тооцогддог болсон бол юу болох вэ? эсвэл “од” байсан жүжигчинд гол дүр олдохоо больж орлого нь буурвал яах вэ? Хэлтсийн дарга байсан хүн албан тушаал буурч жирийн ажилчдын тоонд орсон бол яах вэ?, манай Монголд бол сонгууль бүрийн дараа ялагдсан намын нөхдүүд 4 жил гудамжинд лааз өшиглөдөг. Тэднийг юу гэх вэ?
    Эд нар карьер хийж чадсан уу?
    Яг эндээс л карьер гэдэг үгийн утгыг тайлж ойлгох ёстой гэдгийг та одоо мэдэрч байгаа байх. Ажил мэргэжил, амьдралын өрсөлдөөн дунд хүнд гологдохгүй, хүмүүсээс хоцрохгүй “уралдах”-ыг карьер гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл байнга урагш тэмүүлэх, давших гэсэн утга санаа эндээс харагдаж байгаа. Тэрхүү урагшлах, давших замд нь бас олон мөчлөгүүд байх бөгөөд мөчлөг бүрт бариа байна. Барианд орох хүртэл “уралдах” тэр тэмцэл нь байнга урагш тэмүүлсэн аялал, урагш давшсан хөдөлгөөн байх болно.
    Мэдээж хэрэг төрөлхийн, байгалиас заяагдсан авъяас чадвартай хүмүүс бас байдаг. Ийм хүмүүс жирийн карьер хөөх бус, харин бүр бага наснаасаа эхлээд дээд зиндаанд орох гэж хамаг хүч чадал, эрх мэдлээ дайчлан ашигладаг. Иймэрхүү амбиц хөөх явдлыг сайн ч гэж хэлэх хэцүү, муулах ч арга байхгүй. Энэ нь тухайн хувь хүний төлөвшил, хүмүүжлээс хамаарна.