Өөрөө өөрийгөө кодлох гэж юуг ойлгох вэ?

  • Өөрөө өөрийгөө кодлох гэж юуг ойлгох вэ?

    Та эерэг, сөрөг бодлоо оюун ухаанд сануулаад авчихдаг. Зүйрлэвэл компьютерт бичсэн зүйлээ “save” хийгээд сануулаад авдагтай адил. Тийм учраас сөрөг үг хэллэгийг өөртөө татаж сануулчихаад, өөрөө өөрийнхөө амьдралдаа өөрөө өөрөө саад болдог. Тэгвэл тэр кодолсон, сануулчихсан муу үг хэллэг, бодлоо устгахгүй л бол тэр бодол нь улам нэмэгдэж, хуримтлагдаад байдаг гэсэн үг. Байнга л муу зүйлийн тухай бодоод байвал өөрийгөө тойрох, хар буюу сөрөг энергиэ улам ихэсгэн, гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх амьдарлаа аажмаар бүүдийлгэдэг. Жишээлэхэд, хотын төвийн гэрэлтэй талбай руу явах гэж байснаа төөрч захын, харанхуй гудамжаар бүдчиж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо оюун санааны төөрөгдөлд орж буй хэрэг.
    Хүн ямар бодол хүлээн авах нь маш чухал, яагаад гэвэл бодол бол хүч. Хүн өөр рүү нь ирж байгаа бүх бодлыг хүлээн авдаггүй. Харин ямар бодлоос татгалзах, ямар бодлоос татгалзахгүй гэдгээ хүн өөрөө шийддэг. Сонголтоо тухай бүр маш нухацтай хийж байх ёстой. Бодол бүрийн цаана хүч байдаг. Эерэг бодол бол бүтээгч, сөрөг бодол бол сүйтгэгч. Баяртай мэдээ урам зориг өгдөг бол гунигтай мэдээ хүний зоригийг мохоодог. Бодол бол оюун санааны хүч. Бодолд өөрт нь хүч байдаг тул муу бодол бүрээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Та өөртөө хүлээн авч байгаа бодол буюу өөртөө сануулсан бодлоо буцаагаад үг болгон гаргадаг. Хэрвээ та нэг л муу бодлыг хүлээн авсан, сануулаад авчихсан бол дараа дараагийн муу бодлуудыг хүлээн авдаг. Үүний дараа Та муу үг хэллэг хэлдэг зуршилтай болно. Та өөртөө хүлээн авсан эерэг сөрөг бодлоо, эерэг сөрөг үг хэллэгээр буцаагаад гаргадаг.
    Та хүслийнхээ дагуу үйлдэл хийдэг. Хүн өөрийн хувь тавилангаа өөрийн хүслээр шийддэг. Та хүслийнхээ дагуу хүссэн үйлдлээ л хийдэг. Хүсэл нь ямар байна, бодол нь тийм байна. Бодол хүнийг хөдөлгөж, ямар нэг үйлдэл хийлгэдэг. Жишээ нь: Эхлээд танд байшин барих хүсэл төрнө. Дараа нь бодлууд улам нарийн болсноор тодорхой төлөвлөгөө боловсруулагдана. Энэ хүртэл барилгын ажил ирээдүйн шинэ байшингийн тухай хийсвэр мөрөөдөл хэвээр байна. Байшингаа жинхэнээр барих ажил нь маш олон бэлтгэл ажил хангагдсан, олон дахин ухаан бодол уралдуулсны эцэст нь үйлдэл болдог.

    Ц.Рэгзэнбазар /Таны Бизнес Модель сургалт/