ӨӨРӨӨСӨӨ ӨӨРИЙГӨӨ НЭЭХУЙ

  • ӨӨРӨӨСӨӨ ӨӨРИЙГӨӨ НЭЭХУЙ

    ӨӨРӨӨСӨӨ ӨӨРИЙГӨӨ НЭЭХУЙ

    Өөрийнхөө дотоод ертөнцөө танин мэдэж,
    Түүндээ зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь
    Таны үүрэг.
    Будда

    Бид өөрөө өөрийгөө бусдаас илүү сайн мэддэг гэж боддог. Гэвч бид өөрөө өөртөө “танихгүй хүн” шиг байдаг. Яагаад гэвэл хүн бүр “өөрийгөө танин мэдэх аялал”-д гардаггүй, “өөрийнхөө талаар мэдээлэл” цуглуулдаггүй учраас тэр. Сайхан амьдрахын тулд эхлээд өөрөө өөрийгөө танин мэдэх нь чухал. Амьдралд учрах бэрхшээл, туршлага, үйл явдал бүрээс бид бүхэн өөрчлөгддөг учир “Би хэн бэ? Миний амьдралд юу үнэ цэнэтэй вэ?” хэмээх асуултын хариулт ч гэсэн аажим аажмаар хувьсан өөрчлөгдсөөр л байдаг. Бидний амьдарч буй энэ цаг үе байнга хувьсан өөрчлөгддөг.

    Бид өөрөө өөрийгөө танин мэдэж чадахаа байсан. Бид бүхэнд өөрийнхөө тухай хангалттай “мэдээлэл” байдаггүй учир өөрөө өөрийгөө мэддэггүй. Өөрөө өөрийгөө мэддэггүй учраас бусдыг даган дуурайж, бусдын үгэнд оромтгой болж, бусдын заавараар амьдардаг болсон. Өөрөөр хэлбэл гадны нөлөөнд их өртөмтгий болжээ. Гаднаас ирж байгаа мэдээллүүдийг системчилж чадахаа больсон. Бид бүхэн өөрөө өөрийнхөө тухай гүн гүнзгий “эргэцүүлэн бодох”-оос залхаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хоолоо зажилж идэхээс залхуурч бэлэн хоол, бэлэн мэдээлэл хайдаг болсон.

    Бид өөрөө өөрийгөө маш сайн танин мэдэх тусам бусдын нөлөөнд автах нь бага. Зүрх сэтгэлийнхээ гүнд байдаг “хүсэл мөрөөдлөө” хэрхэн яаж мэдэх вэ? Өөрийн талаархи мэдээллээ хэрхэн цуглуулах вэ? гэсэн асуултууд бидэнд байнга тулгардаг. Бид өөрийнхөө хүсэл сонирхол, дотоод нөөц боломжууд, давуу сул талуудаа тодорхойлж “Би яг хэн юм бэ?” гэсэн асуултанд хариулт олохыг хүсдэг. Өөрөө өөрийгөө олж, өөрийнхөө доторх “мөн чанар”-аа танин мэдэж, өөрийн дотоод нууцлаг ертөнцөө нээж, улмаар түүнээсээ гайхамшгийг нээн илрүүлэхийг мөрөөдсөөр байна. Бид бүгдээрээ л ажил, амьдралдаа өөрчлөлт гаргаж ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг хүсдэг. Гэвч бидэнд өөрийгөө шинээр нээх эмх цэгцтэй, “системтэй аргачлал, сэтгэлгээ” дутагдсанаас болж өөрчилтийг хийж чаддаггүй.

    Бид өөрийнхөө “Юу хийдэг, Юу хийж чаддаг тэрхүү чадваруудаа анзаарахгүй, анзаарсан ч үл тоодог. Ихийг бүтээх тэр сайхан чадварлаг шинж чанаруудаа гаднаас хайх хэрэгггүй. Бүгд өөрт чинь байгаа. Хэрэв бид өөрийнхөө авъяас, ур чадваруудыг тодорхойлж, өөрийнхөө юунд дуртай, юуг хийхдээ гарамгай, ямар онцгой чадварууд байгааг илэрхийлж чадвал өөртөө итгэлтэй, өдөр бүр урам зоригтой улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх болно.
    Хүн өөрийнхөө авъяас чадварыг танин мэдэж, өөрийгөө мэдэрч ойлгож утга учиртай, зөв амьдрахын тулд өөртэйгээ байнга ярилцаж, өөрийгөө дүгнэж цэгнэж байхыг хүсдэг. Хүн өөрөө өөрийгөө харж чаддаггүйгээс л олон сул талуудыг өөртөө бий болгож амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөч бүрийг алддаг. Өөрийгөө өөрөө танин мэдъе гэвэл хүүхэд насаа сана. Өөрийгөө танихад өнгөрсөн үйл явдал маш чухал үүрэгтэй. Өөрийгөө танин мэдэхэд өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох нь чухал. Өөрийгөө хаана байсан, хаана хүрсэн тэр замналаа эргэн дурсах хэрэгтэй.
    Өөрөө өөрийгөө нээх, ажлын арга барил, амьдралын дадал хэвшлийг өөрчлөх, ашиг орлогоо нэмэгдүүлэх системтэй аргачлал, сэтгэлгээ бол “Бизнес Загвар” буюу “Нэг хуудас төлөвлөгөө” юм.

    Ц.Рэгзэнбазар-2020 он