АСУУДАЛ БА ШИЙДЭЛ

  • АСУУДАЛ БА ШИЙДЭЛ

    АСУУДАЛ БА ШИЙДЭЛ

    АСУУДАЛ бий болгосон “сэтгэлгээ” хэвээрээ бол
    АСУУДАЛ хэвээрээ л байх болно.
    Алберт Эйнштэйн

    Хүн бүр ямар нэгэн асуудалтай байнга тулгардаг. Бид өдөр тутам “асуудал-шийдэл”-ийн дунд амьдардаг. Тэгвэр тэр асуудлууд яагаад бидэнд учирдаг вэ?
    Асуудал нь “Яг одоогийн бодит байдал” болон “Ирээдүйн хүсэл, мөрөөдөл” эсвэл “Яг одоогийн бодит байдал” болон “Өнгөрсөн хугацаанд тааламжгүй ” байсан нөхцөл байдлын хоорондын “зөрчилдөөн”-өөс үүсдэг. Өөрөөр хэлбэл яг одоогийн нөхцөл байдал, байлгахын хүсч байгаа нөхцөл байдлын хоорондын зөрүү буюу харьцуулсан “бодлын зөрчилдөөн” юм. Энэ нь “сэтгэл хангалуун бус” байдал буюу өөрт таагүй “мэдрэмж”-ээр илэрхийлэгддэг. Асуудал нь өөртөө итгэхгүй байх, сэтгэл гутрах, бухимдах, гомдоллох хэлбэрээр илрэлдэг. Асуудал хурцдах тусам зөв шийдэл олох чадваргүй болж асуудлыг хүчээр шийдвэрлэх гэж оролдож эхлэнэ. Ингэснээр асуудлыг улам лавшаруулах шалтгаан болно. Асуудлыг зөв шийдвэрлэх нь зөв мэдээлэл, зөв сэтгэлгээтэй холбоотой. Хэдий хир хэмжээний зөв “мэдээлэл”-тэй байна төдий чиний асуудлыг зөв шийдэхэд дөхөм болдог. Гэхдээ яг тухайн “асуудалтай холбоо хамааралтай мэдээлэл” байх нь чухал. Үгүй бол мэдээлэлдээ төөрч зөв шийдэл олох нь ховор. Асуудал гэдэг нь ерөөсөө асуудал биш. Асуудал бол асуудалд хандаж байгаа таны хандлага юм.

    o Асуудлыг ихэвчлэн шийдвэрлэх шаардлагатай “зөрчилдөөн” гэж ойлгодог бөгөөд энэ нь “бэрхшээл”-ийг даван туулах нэг хэлбэр.
    o Асуудал бол “зорилгодоо хүрэх”-ийн тулд даван туулах ёстой нарийн төвөгтэй “бартаа саад”.
    o Асуудал нь тухайн нөхцөл байдлын “бодит” болон “хүссэн” энэ хоёр төлөв байдлын “ялгаа”-г тодорхойлдог ойлголт.
    o Асуудал нь “зорилго”, “нөхцөл байдал” хоёрыг тодорхойлох “зөрчилдөөн” бөгөөд тухайн нөхцөл байдлыг болон зорилго, чиглэлийг “өөрчлөх”-ийг илэрхийлж буй “шалтгаан”. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг илэрхийлж байгаа “нөхцөл” ч гэж хэлж болно.
    o Заримдаа асуудалд хандаж байгаа “хандлага”-аа өөрчилсөнөөр асуудал шийдэгддэг.

    Жишээ нь: Өвчин намдаах эм хэрэглэснээр өвчнийг түр зуур намдаах боловч өвчнийг эдгээхгүй. Харин өвчний шинж тэмдгийг танихын тулд үзлэг, шинжилгээ хийснээр л зөв онош тавьж, зөв эмчлэх боломж бий болно. Өвчнийг бүхэлд нь, бүх талаас нь авч үзэж байж шийдэх нь чухал. Учир нь өвчний зөвхөн нэг шинж чанарыг нь олж харж шийдэх нь учир дутагдалтай. Өвчний нөхцөл байдлыг тодотгон, үзлэг шинжилгээ хийснээр л өвчин үүсгэж байгаа шалтгаан, үр дагаврын хамаарал, мөн чанарыг олж харах боломж бий болно. Өвчнийг илрүүлж, тодорхойлох нь шийдвэр гаргалтын гол цөм юм.

    Ц.Рэгзэнбазар- “Нэг хуудас төлөвлөгөө” ба “Хувь хүний Бизнес Загвар”